Getting Started
Номын тухайд
1-р зүйл. “Хүн буюу Бид” хэмээх номын тухайд.
- Энэ ном анх 2018 онд Монгол улсад, Монгол хэлээр хэвлэгдсэн бөгөөд уг номын дотоод агуулга өгүүлэх санаа нь тун өвөрмөцөөс гадна бидний өмнө нь төсөөлж байгаагүй этгээд өнцгүүдээс харсан хачирхалтай гэмээр сэдвүүдийн тухай тун зоригтой бичсэн ном гэдэгтэй уншиж үзсэн ихэнх хүмүүс санал нийлдэг. Уг номд “Хүн” хийгээд “Хүн төрөлхтөн”-ий бий болсон Язгуур гарвалын эх үндэс, ухаан ухамсрын үүсэл хөгжлийн тулгуур зарчим буюу Хомо Сапиенсууд хэрхэн орчин үеийн ухаант хүмүүс болон хувирсан тухай нууцлаг хийгээд өвөрмөц түүхүүдийг сонирхолтой өнцгөөс тайлбарлан өгүүлснээс гадна өнөөгийн хүмүүс бидний тархи оюунд үйлчилж буй оюун сэтгэхүйн эх өгөгдлүүд, тэдгээрийн ажиллах зарчим хийгээд мэдээлэл хүлээн авах болон боловсруулах үйл явцынх нь далд дахь учир зүй хамаарал нөлөөллүүд мөн Ил Далд ертөнц хоорондын уялдаа холбоо харилцан үйлчлэл зэргийн тухай өөр бусад мэдээллийн сангуудаас тэр бүр үл олдох ухагдахуунуудыг шинээр гаргаж ирснээрээ онцлог номын тоонд багтдаг.
- Энэ номын зохиолч (тэрээр өөрийгөө уг номыг бичээгүй, “Өвөг дээдэс” нь хэлж өгсөн хэмээн тайлбарладаг) өмнө нь бичиг зохиолтой холбоотой ямар нэг ажил огт хийж байгаагүй ба түүний анхны бүтээл болох уг номыг хэвлэгдэн гарахад нь оролцсон хэн нэгэн мэргэжлийн зохиолч, зөвлөгч, тэр бүү хэл хянан тохиолдуулсан редактор ч байгаагүй гэнэ. Гэхдээ номын ерөнхий бичиглэл, хэл найруулга, өгүүлбэр зүй талаас нь харсан мэргэжлийн хүмүүс хүртэл шүүмлэхээсээ илүү аятай санагдсанаа хуваалцах хандлагатай байдаг.
- Энэ ном гарснаасаа хойш 10 000 орчим ширхэг (2025 оны байдлаар) худалдаалагдсан бөгөөд сонирхолтой нь номын дэлгүүрээр болон бусад ном худалдаалах аргуудаар бус зөвхөн гараас гарт, сүнснээс сүнсэнд гэх хачирхалтай гэмээр зарчмаар түгдэг анхны хэлбэрээ өдий хүртэл (7 жилийн турш) огт алдаагүй явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл ямар ч сурталчилгаа хийдэггүй, худалдаанд тавьдаггүй, хүнд бэлэглэдэггүй бас өөрөө ч бэлэглэгддэггүй зөвхөн олж уншсан хүмүүс өрөөл бусдад санал болгох замаар л түгдэг зарчимтай гэнэ.
- Уг номыг уншсан хүмүүс магад өөрөө хүсвэл номын зохиолчтой холбогдох боломжтой, бүр цаашилбал зохиолчийн бий болгосон номын бүлхэм-д нэгдэх боломж нь нээлттэй байдаг.
- Номын үндсэн агуулга нь, “Хүн өөрийн ухамсар сэтгэхүйгээ өөрчлөн шинэчилснээр зөв амьдралын хэв маягтай шинэ хүн болон төлөвших боломжтой” гэх ойлголтыг хүмүүст хүргэхээс гадна “Хэрхэн?...” хэмээх асуултад хариулагдах арга замыг нь тухайн хүний тархи оюунд цаанаас нь бодуулах хүртэлхи нөлөөллийн аргаар хэмээн тайлбарладаг буюу ямар нэг дагал-тай хэмээн үздэг гэнэ. Гэхдээ энэ өвөрмөц аргыг ном өөрөө дотооддоо хадгалж байдаг тухай номын бичээчээс сонссон болно.